Говийн нэн ховор ургамлын ургах нөхцлийн бүрдүүлэн элсний нүүлтийг тогтоон барих ажлыг туршилтаар хэрэгжүүлж эхэллээ
Говийн элсний нүүлтийг багасгадаг, олон олон биологийн төрөл зүйлийн амьдрах орчин болдог хармаг жимсийг үрээр тарьж үрсэлгээ бэлтгэх туршилтын ажлыг Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Ээж хайрхан” нөхөрлөлд 2020 оны 4 дүгээр сараас хийж эхэллээ. Тус нөхөрлөл 2015 онд анх хармагийг үрээр тариалах туршилтыг анх хийж, хармагны тодорхой хэмжээний үрийг өөрийн хариуцан хамгаалдаг хэсгээс түүж бэлтгэсэн байсан.
Төсөл “Ээж хайрхан” нөхөрлөлийн өмнө нь эхлүүлсэн энэ сайн туршлагад суурилан 3500-4000 ширхэг хармагийн үрсэлгээг бойжуулж Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань, Цогт сумдад тариалахад бэлэн болоод байна.
Нийт тарьсан үрний 50 орчим хувь нь ургаж, туршилтын ажил амжилттай болж байгаа бөгөөд төсөл үрсэлгээ бэлтгэх бага оврын хүлэмж, үрсэлгээний бортого, усалгаа, арчилгааны багажаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Хармаг жимсийг тарималжуулснаар байгалийн сэргэн ургалтыг дэмжихийн зэрэгцээ говийн ховор ургамал болох улаан гоёоны ургах нөхцлийг бүрдүүлэн цөлжилтийг сааруулахын зэрэгцээ нэмүү өртөг шингэсэн нутгийн бренд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх замаар нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм.
Хармаг тарималжуулах ажлыг зохион байгуулж буй “Ээж хайрхан” Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл нь 2008 онд 18 гишүүнтэй байгуулагдаж одоог хүртэл байгаль хамгаалах чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Тус нөхөрлөл нь ойн зурвас байгуулах, жимс жимсгэний мод тариалах, шахмал түлш хийх, говийн ховор эмийн ургамлуудыг тарималжуулах туршилт хийх, малын тэжээлийн ургамал тариалах зэрэг биологийн олон янз байдлын хамгаалалд ээлтэй олон ажлуудыг санаачилан хийж иржээ. Мөн тэмээний ноосоор гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаадын зах зээлд нийлүүлж олсон орлогын тодорхой хувийг байгаль хамгаалах жижиг төслийг санхүүжүүлэхэд оруулдаг байна.
Говь-Алтай аймагт 2019 онд хийсэн цөлжилтийн судалгаагаагаар тус аймгийн нийт нутгийн 79,5 хувь нь их бага хэмжээгээр доройтолд орж цөлжсөн гэсэн дүгнэлт гарсан байна.
Говийн бүс нутгийн цөлжилт, элсний нүүлтийг тогтоон барьж буй гол зүйл нь говийн модлог, бутлаг ургамал болох заг, тоорой, сухай, хармаг юм. Гэтэл говийн эдгээр модлог ургамлыг хууль бусаар түлшинд хэрэглэх, жимсийг ашиг олох зорилгоор түүж борлуулах гэх мэт хүний зохисгүй үйлдлээс шалтгаалан тархац, байгалийн сэргэн ургалт жил ирэх тусам муудсаар байна.