Биологийн олон янз байдлыг хамгаалах санаачлагуудыг 800 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлнэ.
Монгол орны ховор, нэн ховор амьтан ургамлыг хамгаалах, бэлчээрийг зүй зохистой ашиглан газрын доройтлыг бууруулах, заган болон сэрүүн бүсийн ойн сэргэн ургалтыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх , хүрээлэн буй орчиноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр нутгийн иргэдийн хэрэгжүүлэх 39 Бичил төслийг 800 сая төгрөгөөр санхүүжүүлэн гэрээ байгуулах эрх олгох тухай БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тушаал батлагдлаа.
БОАЖЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн бүс нутагт хамрах Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн 13 суманд эдгээр 39 төсөл хэрэгжих юм.
Төслийн газар нутгийн сумдаас 195 бичил төсөл буцалтгүй тусламжийн санхүүжилт авах сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн бөгөөд саналыг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан аргачлалын дагуу эхний шатанд техникийн үнэлгээг тухайн сум, аймагт болон төслийн зөвлөхүүд бие дааж хийсэн.
Гурван шатанд хийсэн техникийн үнэлгээний жигнэсэн дундаж оноогоор бичил төслийн саналуудыг сум сумаар, орлогын болон орлогын бус ангиллаар эрэмбэлж хураангуй жагсаалт гаргасны дараа БОАЖЯ-ны Ажлын хэсэг бодлогын үнэлгээ хийж эцсийн шийдвэр гаргасан юм.